Monday, April 11, 2011

Манай орны ойд ургадаг зонхилох мод сөөг

 Монгол оронд нийт 146 зүйлийн мод бутлаг ургамал ургадаг бөгөөд үүнээс 90 гаруй зүйлийн мод ургадаг. Моддыг навчит ба шилмүүст гэж ангилдгийг бид мэднэ. Манай оронд нийт 15 зүйлийн (шинэс, хуш, нарс, гацуур, жодоо, арц,зээргэнэ) шилмүүст мод, сөөг ургадаг. Эдгээрээс гол ач холбогдол, зонхилох шинжийг нь харгалзан товчлон танилцуулъя
Шилмүүст модод:
 
Шинэс |Хар мод| (нийтлэг нэр: сибирь шинэс, латин нэр: larix sibirica)
Сибирь шинэс нас гүйцсэн үедээ 25-30 метр дундаж өндөртэй, зохистой нөхцөлд 45 хүртэл метр өндөр ургадаг, 500 гаруй жил насалдаг, харьцангуй гаулиг нарийхан иштэй, жил бүрийн 9 сарын сүүлээр шилмүүс нь шарлаж унаад 5 сарын сүүл 6 сарын эхээр цэцэглэн шинэ шилмүүс гарч ирнэ. Шилмүүс нь цайвар ногоон өнгөтэй ба богиноссон найлзуур дээр 25-50 ширхэгээр багцлан ургадаг. Нас гүйцсэн моддын холтос нь туйлын зузаан, гүнзгий хагаралтай, бараан саарал өнгөтэй байна. 12- 15 насандаа үржлийн чадвартай болох ба 30 орчим наснаасаа боргоцой өгч эхэлнэ. Боргоцой нь ургаж байх үедээ улаавтар хүрэн өнгөтэй бөгөөд боловсорсон үедээ өндөг хэлбэрийн уртавтар зуйвандуу саарал, цайвар шар өнгөтэй. 9 сарын эхний хагаст үр боловсорч 15-20 өдрийн туршид хийсч унадаг. Хоосон боргоцой нь 3-4 жилийн турш модондоо байх ба мөчиртэйгөө хамт унадаг. Шинэсэн ой шарлах үедээ маш үзэмжтэй сайхан харагддаг. Шинэсний модлог нь механик шинж чанар сайтайгаараа онцлог учраас барилгын сайн материал болдог. Манай улсад сүүлийн жилүүдэд 500-600 мянган шоометр мод барилгад болон түлшинд зориулан бэлтгэж байна. Сибирийн шинэс нь хөрс чийг голдоггүй харин гэрэл нэлээн шаарддаг. Далайн төвшнөөс дээш 2400 хүртэл метрийн өндөрт ургах чадвартай. Манай оронд сибирийн, дагуурын, чекановскийн гэсэн 3 зүйлийн шинэс ургадаг. Сибирийн шинэсний зүйл нь орос болон манай улсад голчлон ургана. Энэ зүйлийн шинэсийг Финлянд Шведэд мод бэлтгэлийн журмаар тарималжуулсан байх бөгөөд бусад орнуудад энэ төрлийг зөвхөн ботаникийн цэцэрлэгт тарьсныг харж болно. Манай орны шилмүүст ойн 72%- ийг шинэсэн ой эзэлдэг ба гол төлөв Хөвсгөл, Булган, Хэнтий болон Төв, Сэлэнгийн нутгаар тархжээ. Хот цэцэрлэгжилтэнд 1950- иад оны эхнээс гудамж, талбайд ганцаар болон хэсэг бүлгээр суулгаж тарималжуулж ирсэн. Одоо шинэсний үрийг тарьж 2-3 настай тарьцаар ойжуулалтыг хийж гүйцэтгэж байна. Сүхбаатарын гудамж, Самбуугийн гудамж талбайд тарьж ургуулсан нь бий. 
 
Хуш (нийтлэг нэр: сибирь хуш, латин нэр: pinus sibirica)
 
Сибирь хуш дунджаар 25 метр, зохистой нөхцөлд 40 метр хүртэл өндөр ургадаг, 700- аад жил хүртэл насалдаг мөнх ногоон ургамал. Өндөг буюу цилиндр хэлбэрийн шигүү титэмтэй, нас гүйцсэн модны оройн хэсэг мохоо, зарим хөгшин хушнууд олон оройтой байх нь элбэг. Шилмүүс нь нарийхан, хатуудуу, 2-5 жил ургаад унаж солигддог. Богиноссон найлзуур дээр 5 ширхэгээр багцлан ургадаг. Хушны самрыг бид хүнсэндээ өргөнөөр хэрэглэж ирсэн. 40-50 орчим наснаасаа боргоцой өгч эхэлнэ. Боргоцой нь 9 сарын сүүлийн 10 хоногоос боловсордог. Их үрийн жил харьцангуй удаан 5-7 жилд нэг давтагддаг. 2002 оны их ургацын жилд Төв аймгийн Мөнгөнморьтоос 142 тонн самар бэлтгэжээ. Модлог нь хөнгөн, харьцангуй бат бөх,зөөлхөн сийлбэр хийхэд нэн тохиромжтой. Хушаар янз бүрийн сийлбэр, авдар сав хийдэг. Баруун Сибирь Урал болон Алтайн нуруугаар өргөн тархацтай. Манай оронд Хэнтий нуруугаар хамгийн их тархацтай, Төв, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудаар ургадаг ба манай орны нийт ойн 11%- ийг хуш эзэлдэг. Хуш нь шинэсэн ойтой нягт холбоотой ургадаг. Хөрсний үржил шим, чийг шаардах байдлаараа дунд зэрэг. Далайн төвшнөөс дээш 2500 хүртэл метрийн өндөрт ургах чадвартай. Үрээр ургадаг, үрийг тарихаас өмнө 2-5 хэмийн дулаанд 2-3 сарын турш эртжүүлэлт хийж бэлтгээд 2 см гүнд 1 метрт 25-30 гр үрээр тарина. Нийслэл хотод Ботаникийн цэцэрлэг, зарим нэг байгууллагын орчинд тарьж ургуулсан нь бий.
 
 
 
Нарс (нийтлэг нэр: эгэл нарс, латин нэр: pinus silvestris)
 
Нарс манай оронд дунджаар 20-24 метр, ургах орчин сайн бүрдсэн тохиолдолд 42 метр хүртэл өндөр ургадаг, дунджаар 600 жил насалдаг мөнх ногоон мод. Титэм нь сийрэгдүү конус хэлбэртэй, нас бие гүйцсэн нь зөв биш өндгөн хэлбэртэй байна. Иш нь дээд хэсгээрээ улаан улаавтар, доод хэсгээрээ хүрэн саарал орог саарал өнгийн зузаан холтостой. Шилмүүс нь нягт гадаргуутай ногоон өнгөтэй, нэг нахианаас хоёр шилмүүс гардаг. Эр цэцэг нь 5 сард цэцэглэн томорч 6 сард тоос хүртэнэ. Үр тогтсоны дараа эр цэцгүүд унаж эм цэцэг нь боргоцой болон ургадаг. Дунджаар 10-15 насны хооронд анх цэцэглэж эхэлнэ. Эгэл нарсны модлог барилгын сайн чанарын материал болдог. 1990 оныг хүртэл манай улс жилд 200,0 мянган шоометр наррсыг барилга болон түлшинд хэрэглэн бэлтгэж байсан. Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгуудаас нарсыг хулгайгаар маш их бэлтгэн борлуулж байна. Эмнэлгийн хэрэгцээнд нахиа шилмүүсийг хэрэглэнэ. Төв европод өргөн тархсан, далайн төвшнөөс дээш 1600 орчим метрийн өндөрт, цөөнгүй тохиолдолд 2500 хүртэл өндөрт ургасан тааралддаг. Манай орны Сэлэнгэ аймагт ихэвчлэн, Хөвсгөл, Хэнтий, Төв болон Улаанбаатар хотод Богд ууланд бага хэмжээгээр ургадаг, манай орны нийт ойн 6% - ийг эзэлнэ. Ойн ширэгт нимгэн элсэнцэр хөрсөнд ургана. Үрээр сайн ургадаг ба үрийг ил болон хүлэмжинд тарьж ургуулаад 2 настай суулгацыг ойжуулалтанд хэрэглэнэ. Дан нарсаар байгуулсан цэцэрлэгт гудамж нийслэл хотын нэгдүгээр дунд сургуулийн урдуур байдаг. Гэхдээ бас нарсны ургамлын харшил сэдрээх шинжтэйг харгалзах нь зүйтэй.
 
 

No comments:

Post a Comment